Биднийг дагаарай:

Дулаан нь өндөр температуртай биеэс нам температуртай бие рүү урсаж,  температурын тогтворт орохыг эрмэлздэг тул байшин доторх халуун агаар гадна хүйтэн орчин руу урсаж алдагддаг. Иймд, дотор болон гадна орчны температурын зөрүү их байх тусам дулааны алдагдал ихэсдэг. Мөн дулаан алдагдлын хэмжээ нь дулаан дамжиж буй гадаргуугийн талбай, дулааныг дамжуулж буй материалын шинж чанараас хамаарна.

  1. Амьдарч буй орон сууцаа дулаалаагүйгээс үүдэн өвлийн улиралд бид ихээхэн зутрах, даарах үе гардаг. Гэртээ байгаа ч тухгүй байна гэдэг маш хэцүү. Тиймээс дулаан алдагдлыг багасгаснаар хамгийн эхлээд гэрийн тань тав тухтай байдал нэмэгдэх болно. Мөн зуухаар галладаг айл өрхийн галлагааны тоо цөөрөх давуу талтай.
  2. Бид гэр, байшин, орон сууц барихдаа хямдыг нь бодож өөрсдөө, танилаараа болон туршлагагүй, чанарын стандарт хангаагүй барилгын компаниудаар бариулах нь түгээмэл. Ингэснээр, хүйтний улиралд халаалтын урсгал зардал их гарах үндэс болдог. Хэрэв анхнаасаа дулаан алдагдал багатай сууц барих буюу нэгэнт баригдсан сууцыг шаардлагын төвшинд хүртэл дулаалж чадвал эрчим хүчний хэмнэлтийг бий болгож, түлш, цахилгааны зардлыг бууруулах бөгөөд урт хугацаандаа эдийн засгийн хувьд ашигтай байх юм.
  3. Таны амьдарч буй байшин сууцны дулаан алдагдал их бол барилгын хана таазны элэгдэл явагдаж ханын будаг хуурах, улмаар мөөгөнцөр, хөвд ургаж бий болох эрсдэлтэй. Энэ нь оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.
  4. Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл тул өвлийг өнтэй давахын тулд төвлөрсөн халаалтын шугам сүлжээнд холбогдоогүй, гэр хорооллын айл өрх нүүрс түлж орон байраа дулаацуулдаг. Гэвч энэ нь орчны бохирдол үүсгэдэг бөгөөд сууцны дулаан алдагдал их байх тусам, халаалтын ачаалал нь нэмэгдэж, түлэх нүүрсний хэмжээ дагаад ихэсдэг. Иймд байшин сууцаа дулаалах нь агаарын бохирдлыг багасгахад оруулж буй таны хувь нэмэр юм.
  5. Мөн сууцаа сайн дулаалснаар зун халуун агаар орж ирэх нь бага болж байшин, сууц маань зундаа сэрүүхэн, өвөлдөө дулаахан байна.

Байшин, сууцны дулаан нь дамжууллын болон шүүрлийн дулаан алдагдал гэсэн механизмаар алдагддаг.  Хаших хийц буюу дээвэр, цонх, хана, шалаар болон дулааны гүүрээр алдагдаж буй дулааныг дамжууллын дулаан алдагдал гэнэ. Харин битүүмжлэл багатай сууцны хувьд ан цав, нүх сүвээр алдагдах шүүрэлтийн дулаан алдагдал их байна. Түүнчлэн, хаалга, цонх онгойлгож агаар сэлгэлт хийх явцад шүүрэлтээр дулаан алдагдаж байдаг. Дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. https://www.youtube.com/watch?v=hCj66gukzdM

Цонх хөлөрч цантах, сийгэх зэрэг нь дулаан алдагдлын хэмжээ их байгааг илэрхийлж буй юм. Гэвч яг аль хэсгээр хэр хэмжээний дулаан алдагдаж буйг мэргэжилтэн тусгай тоног төхөөрөмж ашиглан хэмжиж, тодорхойлдог.

  • IR (Infra Red) буюу хэт улаан туяаны тусламжтайгаар биетийн температурыг мэдэрдэг дулааны камераар дулаан алдагдаж буй хэсгүүдийг илрүүлдэг.
  • Барилгын битүүмжлэлийг Blower Door буюу үлээгч хаалганы тестийн тусламжтай хэмждэг. Үлээгч хаалганд суурилуулсан сэнс нь өндөр даралтаар гадна агаарыг дотогш үлээх ба ан цав, нүх сүвтэй хэсгээр хэрхэн дотогш нэвтэрч буйг илрүүлдэг байна.

Цонх, хаалга, хана, дээвэр, шал зэрэгт үүссэн хагарал, ан цаваар дулаан алдагдал хамгийн их явагддаг буюу ойролцоогоор 36% нь шүүрэлтээр алдагддаг байна.

Гэр доторх халуун агаарын нягт багасаж, дээш хөөрч, улмаар гадагш алдагддаг тул дээвэр болон адрын хөндийн дулаалгад маш сайн анхаарах хэрэгтэй.  Байшингийн дулаан алдагдлын 25-30% нь дулаалгагүй дээврээр дамжин гадагш алдагддаг байна.

Байшингийн нийт дулаан алдагдлын 35 орчим хувь нь ханаар дамжин гадна орчинд алдагддаг.

Хаалга болон цонхоор байшингийн дулаан алдагдлын 25 орчим хувь нь алдагддаг.

Байшингийн дулаан алдагдлын 10-15% нь дулаалгагүй шалаар дамжин гадагш алдагддаг байна.

Байшин, сууцны өрөө бүрийн хувьд хана, шал, дээвэр, цонх зэрэг бүхий л хаших хийцээр алдагдах дулааныг доор үзүүлсэн жишээний дагуу олж, нэгтгэснээр нийт дулаан алдагдлыг тооцоолох боломжтой .

Жишээ: унтлагын өрөөний зүүн талын ханаар алдагдах дулааныг тооцоолохдоо:

  1. Ханын гадаргуугийн дотор ба гадна температурыг хэмжиж, тэдгээрийн зөрүү буюу dT-г олно.
  2. Ханын урт болон өндрийг хэмжиж, хооронд нь үржүүлснээр ханын нийт талбайг олно. Тухайн хананд байгаа цонх, хаалганы талбайг мөн адил тооцоолж, ханын нийт талбайгаас хасна. Ингэснээр, ханын цэвэр талбай A-г олж буй юм.
  3. Ханын дулаан дамжууллын коэффициент U утга нь дулаан дамжууллын эсэргүүцэл R утгын урвуу буюу тухайн ханыг хэдэн (n) үе давхаргатай, тухайн үе бүрийг ямар дулаан дамжуулалтай (k) материалаар, ямар зузаанаар (L) барьснаас хамааруулж олно.

Өөрөөр хэлбэл, U утга нь тухайн ханын гадна болон дотор температурын зөрүү 1К байхад, түүний нэгж талбайгаар хэчнээн Вт дулаан алдагдахыг илэрхийлэх буюу нэгж нь Вт/(м2K) байна.

4. q=UAdT         Илэрхийллийн дагуу тухайн ханаар хэчнээн Вт дулаан алдагдаж буйг олно.

Жишээнд үзүүлсний адил унтлагын өрөөний бүх хаших хийцээр алдагдах дулааныг олж нэмэхэд, өрөөний нийт дулаан алдагдал гарна. Харин барилгын нийт дулаан алдагдлыг олохдоо, бүх өрөөний дулаан алдагдлыг нэмэх юм.

Аливаа материалын дулаан дамжуулах шинж чанарыг U, харин дулаан тусгаарлах шинж чанарыг R утгаар илэрхийлдэг. Эдгээр хэмжигдэхүүн нь материалын дулаан дамжуулал k болон зузаанаас хамаардаг бөгөөд хоорондоо урвуу хамааралтай байдаг. Тиймээс дулаан тусгаарлагч материалын дулаан дамжууллын эсэргүүцэл R утга нь өндөр, харин дулаан дамжууллын коэффициент утга нь бага байдаг.  Иймд, та дулаалгын материал худалдан авахдаа гадна сав баглаа, шошго дээрээс R болон U утгыг хянаж, нягталж байж сонголт хийхээс гадна дулаалгыг хэр зузаан хийх шаардлагатайг тооцоолох хэрэгтэй.

  1. Дулаан тусгаарлах шинж чанар
  2. Галд тэсвэртэй байдал
  3. Угсарч, суурилуулахад хялбар байдал
  4. Ус, чийгний хамгаалалт
  5. Материалийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
  6. Хорхой шавжинд тэсвэртэй байдал
  7. Ашиглалтын хугацаа
  8. Мэдээж үнэ

Байшин сууцаа дулаалахад дулаалгын материалаас гадна дараах материалыг хэрэглэнэ.

  • Байшингийн үндсэн хийц, дулаалгын материал зэрэгт гадна орчноос ус нэвтрэхээс хамгаалах ус тусгаарлагч материал
  • Байшингийн үндсэн хийц, дулаалгын материал зэрэгт дотор орчноос үүдэлтэй чийг цохин хөгцрүүлэн муутгахаас сэргийлэх уур тусгаарлагч материал
  • Нүх сүв, ан цав зэргийг шавж битүүлэхэд ашиглах шахдаг силикон, хөөс
  • Хаалга, цонхны ирмэг, завсрын онгойдог хэсгийг битүүлэх зориулалтын резин, жийргэвч

Ямар дулаалгын материал ашиглаж байгаагаас хамааран ашиглах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь харилцан адилгүй байна. Жишээ нь: Хөөсөнцөр дулаалгыг суурилуулахад цавуулаг зуурмаг ашиглан наадаг бол цаасан хөвөн дулаалгын материалыг угсарч суурилуулахад тусгай үлээгч ашигладаг. Аюулгүй ажиллагааг хангах үүднээс ямар ч төрлийн дулаалгын материал суурилууүлахад  ажлын хувцас, бээлий, хамгаалалтын малгай, нүдний шил болон амны хаалт ашиглах шаардлагатай.

Эрчим хүчний хэмнэлттэй сууцыг барихад хаших хийцийн гадаргуугийн талбайг хамгийн бага, цомхон байлгах нь чухал байдаг. Учир нь барилгын дамжууллын дулаан алдагдал нь гадаргуугийн талбай их байх тусам ихэсдэг. Зурагт ижил эзэлхүүнтэй орон зайг төрөл бүрийн хэлбэртэй хаших хийцээр хашиж, битүүлэхэд дулаан алдагдал хэрхэн нэмэгдэж байгааг харуулав. Иймд, ижил эзэлхүүнтэй хоёр давхар сууцнаас нэг давхар нь 30% илүү халаалт шаардах юм.

Ямар халаалтын эх үүсвэр ашиглахаас үл хамааран юун түрүүнд гэр байшингаа стандартад нийцүүлэн маш сайн дулаалах хэрэгтэй. Учир нь гэр байшингийн тань дулаан алдагдал их бол ямар ч шинэлэг, дэвшилтэт халаалтын технологи ашиглаад ч гэр дотор дулаан тохилог орчин бүрдэхгүй аль эсвэл дулаанаа үр ашиггүй гадагш алдсаар байх тул түлшний болон цахилгаан эрчим хүчний хэрэглээний зардал өндөр гарах болно. Иймд, чанарын шаардлагын дагуу дулаалсан байшин, сууцны талбай, дотоод засал зэрэгт нийцүүлэн цахилгаан халаагуур, сайжруулсан зуух, шалны халаалт зэрэг дурын халаалтын төхөөрөмжүүдээс сонгон, мэргэжлийн баг хамт олноор халаалтын ачаалалд тохируулан суурилуулах нь зүйтэй. Шалны халаалтын хувьд технологийн дагуу зөв суурилуулбал гэр, байшинг жигд халаах тул тав тухтай байдал нэмэгдэх, ашигтай талбай ихсэх, зууханд бага насны хүүхэд түлэгдэж гэмтэх эрсдэл байхгүй болох зэрэг давуу талтай. 

  • Хана, шал ба суурь, дээвэр болон адрын хөндийн дулаалгад анхаарч стандартын дагуу дулаалгыг хийх. Та өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ямар ч дулаалгын материал ашиглаж болох бөгөөд хамгийн гол нь дулаан алдагдлын тооцооллын дагуу тухайн дулаалгыг хангалттай зузаан суурилуулах шаардлагатай.
  • Цонхны хувьд дулаан алдагдал хамгийн багатай буюу 3 давхар шиллэгээтэй, аргон хийн дүүргэлттэй, сийгэлт үүсгэхээргүй жийргэвч резинтэй цонх суурилуулах.
  • Барилгын битүүмжлэлийг сайтар хангах. Кабел утас, шугам сүлжээний оролтын нүхэлгээтэй хэсгийг сайтар битүүмжлэх.
  • Дулааны гүүргүй буюу хаших хийцүүдийн уулзвар хэсгээр дулаан алдагдахгүй байхаар зохиомжлох.

  • Маш чанартай хаших хийцийн дулаалга
  • Нарны гэрлийг нэвтрүүлж түгждэг супер цонх
  • Барилгын өндөр битүүмжлэл
  • Дулаан солилцууртай агаар сэлгэлт
  • Дулааны гүүргүй загвар

Дээрх зарчмаар баригдсан, эрчим хүчний хамгийн хэмнэлттэй, дулаан алдагдал хамгийн багатай Пассив хаус стандартад байшингийн халаалтын ачаалал нь жилд 15кВтц/м2-аас хэтрэхгүй байх ёстой байдаг. Тиймээс маш бага хэмжээний дулаан алддаг байшин, сууц гэж байх боловч огт дулаан алддаггүй байх боломжгүй юм. Пассив хаусны дулаан алдагдал маш бага тул халаалтын систем нь идэвхгүй (passive) буюу нарны эрчим, дотор цахилгаан хэрэгслээс ялгарах дулаан, дотор агаарыг гадагшлуулж агаар сэлгэлт хийхдээ дулааныг нь гаднаас орж ирж буй хүйтэн агаарт өгч, дулаан солилцуулах технологи зэргийг ашигладаг. Иймд, цахилгаан халаагуур, радиатор, зуух гэх мэт уламжлалт халаалтын хэрэгсэл ашиглах шаардлагүй бөгөөд халаалтын урсгал зардал үлэмж багасах юм.

  • Хана, дээвэр, шал зэрэгт буй аливаа нүх сүв, ан цавыг илрүүлж, битүүмжлэх. Зурагт харуулсанчлан, ханыг гаднаас дулаалах нь дотроос дулаалахаас илүү үр дүнтэй.
  • Модон хүрээтэй, нэг давхар шилтэй зэрэг илт хуучирч муудсан цонхыг шинэчилж, эрчим хүчний хэмнэлттэй цонхоор солих. Цонхыг солихгүйгээр сайжруулах тохиолдолд, жийргэвч резинийг солих, силиконоор сийгэлтийг багасгах, бөмбөлөгтэй гялгар уутыг цонхны дотор талд нааж дулаалах зэрэг арга хэмжээ авах.